Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ачит Ихт” катодын зэсийн үйлдвэртэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хот дахь Ачит Ихт катодын зэсийн үйлдвэртэй уржигдар /2022.07.21/ танилцлаа. ажиллалаа.  Түүнийг дагалдан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл  болон бусад албаны хүмүүс ирсэн бөгөөд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэн, “Ачит Ихт” ХХК-ын гүйцэтгэх захирал  Д.Эрдэнэцэцэг нар угтан авлаа. 
      Монгол Улсын Ерөнхийлөгч гидрометаллургийн аргаар катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” ХХК-ийн овоолго, үйлдвэрийн үйл ажиллагаатай  биечлэн танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
       Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явцтай танилцах зорилгоор ажилласан бөгөөд энэ хүрээнд “Ачит Ихт” ХХК нь ирэх 10 жилд орон нутагт 3 сая мод тарьж ургуулахаар аймгийн Засаг даргатай санамж бичиг байгуулсан юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийх энэ ажлынхаа хүрээнд Баян-Өндөр сумын Шар чулуутын аманд мод үржүүлгийн газар байгуулсан талаараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд танилцуулав. Одоогоор “Ачит Ихт” компани Орхон аймгийн Баян-Өндөр суманд 3.3 га талбайг 100 хувь нөхөн сэргээж, 2016-2022 онд 3.1 га талбайд 8,500 гаруй мод тарьсан байна.