“Ачит-Ихт” ХХК нь 2018 оноос Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулан байгаль орчин, боловсрол, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр жил бүр төлөвлөгөө гарган, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, хамтран ажилласаар ирсэн.
Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, “Ачит-Ихт” ХХК хамтран 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Уг төлөвлөгөөнд байгаль орчин, боловсрол, орон нутгийн үйл ажиллагаа, иргэдийг дэмжих чиглэлээр нийт 9 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан юм.
Мөн 2022 онд нийт 4 чиглэлээр 7 ажил тусган хэрэгжүүлснийг 100% биелэлттэй гэж дүгнэлээ. Хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал:
- Хог хаягдлын менежментийн чиглэлээр хогийн цэгийн 32 га газрын хогийг хумж цэвэрлэхэд машин механизмаар 1440 метр куб хог хаягдлыг дарж булшилж , хог хаягдлын талбайн нөхөн сэргээлтэд шаардлагатай 1200 метр куб хар шороог ачиж тээвэрлэсэн.
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын шийдвэрээр Баянцагаан багийн нутаг дэвсгэр Шарчулуутын аманд 135 га ойн санг байгуулж, 720 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийв.
- Боловсролын салбарт жил бүр нэг химийн кабинетыг байгуулах цуврал төслийн хүрээнд 2022 онд 57,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд химийн кабинетийг иж бүрэн байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан. Химийн кабинетэд 10-12 дугаар ангийн 136 сурагч, 6-11 дүгээр ангийн 639 сурагч хамрагдан сорилт, туршилтын хичээл орж байна. Өмнөх жилүүдэд хамтын ажиллагааны хүрээнд Жаргалант сумын ЕБС, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, ерөнхий боловсролын 14,20-р сургуулиудад химийн иж бүрэн кабинетыг тохижуулан, хүлээлгэн өгсөн.